Thursday, March 24, 2011

Өөрийн нэрний утга учир гэдэг эссэгээ тавилаа


Өөрийн нэрний учир

Ухаант хүн өөрийгөө “Би” хэмээн сэтгэсэн тэр үед хорвоо ертөнцийн бүх авианаас ангид буюу утгат үгээр бие биеэ ялган дуудсан анхны үгийн нэг нь хүний нэр юм. Эртний хүмүүс бие биенээ бусдаас онцгойлсон аялга нь улмаар үг болон хувиран, энэхүү үг нь хүний онцлог талыг нэрлэснээс үүссэн гэж үзэж болно. Анхандаа хүний нэр нь богино үеэс үүссэн ба тухайн хүний гадаад хэлбэр, бие эрхтэний онцлог шинжийг онцолсон хоч нэр байжээ.  Иймээс нэр бүхэн өөрийн гэсэн үүсэл, бэлгэдэл, түүхтэй хийгээд бие хүний бие сэтгэлийг тодорхойлогчийн хувьд өөрийн хувь төөрөгтэй хэмээн үздэг билээ. Хүн төрөлхний түүхэн дэх сурвалж бичгээс үзэхэд хамгийн анхны оноосон нэр нь Египетийн хаан Сехен гэдэг нэр байсан ба ханз үсгээр бичигдсэн нэр байжээ.
Монголчуудын уламжлалт ойлголтоор хүний нэр, хувь тавилан салшгүй холбоотой хэмээн үзэж, нэр төрөө ариглан хадгалж чадвал сайн үйл, санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ хэмээдэг билээ. Хорвоо дэлхий дээр мэндэлсэн хүүхдэд нэр өгөх ёслол нь угаалгатай хамт үйлдэгдэнэ. Ихэвчлэн хүүхдийг 7-15 хоногтой байхад угаал үйлдэх боловч баруун аймгуудад, тухайлбал Хотгойдод 3 хоноод угаалга хийх уламжлал бий. Ихэнхдээ хар цай, шөл юмуу эсвэл төрсөн нутгийнх усаар угаадаг уламжлалтай. Ихэвчлэн авсан эх, зарим тохиолдолд тухайн гэр бүлийн хамгийн ахмад настан угаалга болохын урьд хүүхдийн эцэг эх, ах дүү, төрөл адан, найз нөхдөөс хүүхдэд өгөхөөр сонгосон нэрнээс шилэн, цаасан дээр бичээд, сугалаа мэт хуйлан ваар саванд хийгээд арвай буудайгаар хучна. Арвайгаар хучих нь “Арвин олон нэрнээс алдар нэрийг сонгон ашид бэлгэдэл хайрлах” бэлэг дэмбэрлийн ерөөлтэй ажгуу. Эрэгтэй бол баруун чихэнд нь, эмэгтэй бол үзүүн чихэнд нь шивнэдэг.
Мөн Монголчууд эрт дээр үеэс шинээр мэндэлсэн хүүхдэдээ зурхайчаас нэр залдаг уламжлалтай байжээ. Зурхайч лам “Биндэргарав” судрын 12 бүлэгт өгүүлсэн төрсөн өдрийн төөрөгтэй нь дүйцүүлэн нэр өгдөг байжээ. Нэр хүнддэх үед эсвэл өвчин зовлон тасрахгүй ороогоод буй хүүхдийн нэрийг солих ч уламжлал байдаг. Үүнийг зурхайч ламаас асуух бөгөөд “Биндэргарав” судраас харан мөн шинэ нэрийг залдаг ажээ.
Манай уламжлалт заншилд хүүхэд багачуудаас шууд “ Чиний нэр чинь хэн бэ? “гэж шууд асуудаггүй. Харин “ Аавын чинь нэр хэн бэ? “ гэж асуудаг. Иймээс Монгол хүүхдүүд ердөө “ Нэр чинь хэн бэ? “ гэхлээр “ Тэрний тэр “ гэдэг.
Намайг  Тугч овогтой Энхболдын Цэнгэл гэдэг. Тугч хэмээх овгийнхон нь эрт дээр үед Монголчууд аян дайнд мордох үед цэргийн манлайд явж , туг хамгаалж явах үүрэгтэй хүмүүс байсан юм. Аав минь надад Цэнгэл хэмээх энэхүү нэрийг өгсөн гэдэг. Би эцэг эхээс хоёулаа бөгөөд дээрээ ганц ахтай. Миний ахын нэрийг Цолмон гэдэг. Нэг айлын хүүхдүүд болохоор ахын минь нэртэй төстэйг нь бодож намайг ийнхүү нэрлэсэн гэдэг.  Цэнгэл гэдэг нэр нь  үргэлж баяр хөөр, жаргал цэнгэлтэй явахыг билэгдэж байдаг юм.
Хүний нэр нь тухайн хүний хамгийн үнэт зүйл билээ. Жишээ дурдвал: Эртний Квакиютель омгийн индианчуудуудын хувьд хамгийн үнэтэй зүйл нь нэр байжээ. Тэд зээл авахдаа нэрээ барьцаалан үлдээдэг бөгөөд өрөө төлтөл тэр хүн нэргүй явдаг байжээ.
Эртний Грект хөшөө дурсгал дээр бичсэн хүний нэрийг арилгаж баллах нь том гэмт хэрэгт тооцогддог байсан ба хамгийн дээд цээрлэл нь дахин хэзээ ч дурсахгүй гэсэн цээрлэл байв.
Жишээ нь: Эртний Грекийн Эфес хот нь Диана бурханд зориулан босгосон сүмээрээ алдаршин ертөнцийн долоон гайхамшгийн нэгэнд тооцогддог байсан ба уг сүмийг үзэх гэж алс холоос аянчин гийчин тасардаггүй хөлийн газар байжээ. Гэтэл нэг шөнө уг сүмийг нэгэн этгээд галдан шатаасан бөгөөд хэрэгтэй этгээд энэ үйлдлээрээ түүхэнд нэрээ үлдээх зорилго агуулснаа ч нуусангүй. Эфес хотын иргэд гэмтэн Геростат хэмээгчийг уг хэргийн төлөө цаазлахад ч багадна гэж үзээд уг нэрийг үүрд мартах шийтгэл оноожээ. Хэрэв түүхч Фесмонт энэ тухай бичиж хадгалаагүй бол уг нэр үүрд  мартагдах байлаа.
Эцэст нь хэлэхэд “Нийгмийн нэгэн эд эс, оюун ухаант хүний хувьд хорвоод ирэхдээ өмчлөн авч, одохдоо хаяглан үлдээдэг гайхамшигт үг “Нэр” –ээ дээдлэн хайрлах нь хүн болсны эрхэм үүрэг юм.” гэсэн сайхан үгээр энэхүү эссегээ өндөрлүүлж  байна.

Уйтгартай бас залхуу хүрмээр хаврын улирлаа гэж

Их сургуульд орсны 2 дахь хавар эхэлж байна. Энэ семистерт хэдхэн хичээл сонгосон болохоор их л завтай байхын. Уг нь анх нэгдүгээр курст байхад бөөн л хичээлтэй гээл завгүй гүйдэг байж дээ. Харин одоо бүр хичээл ном гэж сүржигнэхээ ч больж дээ. Шалгалт авна гэхээр л бэлддэг хүн гээл шөнөжин суудаг ч бүр түүх. Би ер нь хаврын улиралд тийм ч их дуртай биш ээ. Хэзээний л тийм л байсан санагддаг. Хаа л явсан нэг л их сэтгэл нь гэгэлзсэн хайр ярьсан улсууд байх юм. Гэтэл би нэг хөгшин хүн шиг гэх юм уу даа.